Орос өрмийн худаг сайн, нэг насных болдог. Солонгос өрөм нурдаг эсвэл Солонгос өрөм сайн?

Хүмүүсээс түгээмэл ирдэг асуулт:

Асуулт: Орос өрмийн худаг сайн, нэг насных болдог. Солонгос өрөм нурдаг эсвэл Солонгос өрөм сайн, Орос өрөм худлаа, шавар элс гараад дүүрдэг!!!

Хариулт: Хүмүүсийн дунд өрөмдлөгийн арга аргачлалын талаарх зөрүүтэй ойлголтууд, мөн өөрсдийн үзэж мэдэрсэн туршлага дээрээ тулгуурлан ярилцдаг үгс. Мэдээж буруутгаж болохгүй ч бас зөв гэсэн үг биш. Та бүхэнд худгийн өрөмдлөгт өргөн хэрэглэгддэг арга аргачлалуудыг танилцуулъя. Аль нэг талыг баримтлахгүйгээр тус тусынх зориулалт, давуу болон сул талуудыг бичих болно. Тайлбарлахад хэт урт байх тул цувралаар оруулъя.

1. Үсгийн дарааллаар нь “Орос өрөм” гэдгээс эхэлье.

Хүмүүсийн ярьдгаар (мэдээж Оросын маш олон төрлийн өрөмдлөгийн төхөөрөмж байгаа, гэхдээ хүмүүсийн ярьдаг түгээмэл хэллэгээр нь бичив) Орос өрөм гэдэг нь уг нь бол цохилтот өрөмдлөгийн төхөөрөмж юм. УКС-22 гэдгээр нь өрмийнхөн илүү мэднэ. Өрөмдлөгийн аргачлал нь шаварлаг, хайргархаг, элсэрхэг хөрсөнд хүнд жинтэй (ойролцоогоор 1тн орчим) цүүцээр нүдэж, хаалтын ган трубагаа гадуур нь цохиж өрөмддөг. Мэдээж хүчээр нүдэж байгаа тул өрөмдлөгийн хурд удаан. Голын хурдас, шаварлаг хөрсөнд сайн өрөмддөг. Харин хад чулуунд бол бараг л худлаа. Цүүцээ зуулгаад нам зогсоно. Өрөмдлөгийн дараа тоноглолоо гүйцэд, зөв хийхгүй бол ёстой л нэг их удахгүй нурах, лай дарах зэрэг асуудлууд үүсгэдэг. Мэдээж гүйцэтгэл сайтай мэргэжлийн баг ажиллаж байгаа бол асуудалгүй олон жилийн эдэлгээтэй худаг гарна. Ихэвчлэн үйлдвэрлэлийн зориулалттай, том диаметрийн худгууд гаргадаг.

Давуу тал: Голын хөндий, уулын хөндий, зузаан шаварлаг хөрстэй газарт сайн өрөмдөнө. Томоор өрөмдөж байгаад голоор нь шүүр яндангаа суулгаад завсраар нь хайрган шүүр хийж усаа нэвчүүлж авдаг учир элс шаврыг сайн шүүнэ. Хуучин цагт хөнгөн цагаан төмөр утас ороож хийдэг байсан ч одоо бол хайрга хийдэг болсон. Том голчтой өрөмддөг учир өндөр хүчин чадалтай том насосууд суулгах боломжтой. Шүүр яндангаа өрөмдлөгийн гүндээ тултал нь ган хоолойгоор суулгачихвал тэгээд нэг насны худаг болно.

Сул тал: Мэдээж удаан. Ус ихтэй, элстэй, хөөрдөг хайрганд бол өрөмдөх гэж ёстой мах зулгаана. Элстэй газарт шүүрээ зөв сайн хийхгүй бол усаа дагаж элс орж ирээд удахгүй худаг лайндаа дарагдана. Хад чулуутай газарт бол бараг л өрөмдөхгүй. Өрөмдөж азаа туршвал цүүцээ зуулгачихгүй, алдчихгүйхэн их азтай байлаа гэхэд мөлхөж байгаа хурдаар л өрөмдөх байх.