Хүмүүсээс түгээмэл ирдэг асуулт:
Асуулт: Гүний худаг гаргуулж байгаа юм чинь ус нь шууд ууж болох цэнгэг ус байна биз дээ. Танайх шууд уух цэнгэг ус гаргаж өгөх үү?
Хариулт: Байгаль дээр бидний мэдэхгүй маш олон төрлийн ус байдаг. Хатуу, шингэн, хийн, хальсан, хялгасан ус, химийн холбоонд байх ус гэх мэт. Бидний өдөр тутмын амьдралдаа ашигладаг гүний худгийн ус нь газрын гадаргаас доош байрладаг ба хөрсний буюу гадаргын уснаас шаварлаг үеэр тусгаарлагдсан байдаг. Газрын гүнд байх энэ усыг бид хайрганы болон хадны гэж ангилдаг болсон. Харин энэ ус маань зүгээр л нэг H₂O гэдэг томьёотой, шууд уучхаж болдог ус биш юм. Өөрийн химийн найрлага гэж байна. Түүнд нь төмөр, кали, фтор, хатуулаг гэх мэт олон төрлийн нөхдүүд байгаа. Харин тэдгээр нөхдүүд л хэмжээ нь их, эсвэл бага байхаасаа хамаараад унданд хэрэглэх стандарт хангаж байгаа эсэх нь тодорхойлогддог. Гэтэл бидний шууд ууж болдог дэлгүүрт байгаа савласан усанд тэр нөхдүүдийг яг байх ёстой тоо хэмжээгээр нь шүүлтүүр дамжуулж оруулаад тэнцвэржүүлчихсэн байдаг бол гүний усанд жинхэнэ эрх дураараа байж байгаа. Тиймээс уухаасаа өмнө усаа шинжлүүлэх нь хамгийн зөв байдаг ба хэрэв танайхаас гарсан гүний ус эрдэсжилт, химийн найрлагаараа ундны усны шаардлага хангахгүй байгаа бол энэ гүйцэтгэгч, захиалагчийн аль алиных нь буруу биш.
Тиймээс усаа тухайн нөхцөлд нь тохируулаад шүүлтүүр тавих зэргээр хэрэглэх нь хамгийн зөв юм.
Эцэст нь нэгэн сонирхолтой тоо баримт дурдахад: Дэлхийн гадаргын 70-75 хувийг усан бүрхүүл эзэлдэг ч үүний зөвхөн ганцхан хувь нь л цэвэр ус байдаг. Мөн хүний биеийн 70%-ийг ус эзэлдэг ба бид цангахад бидний бие дэх усны ердөө 1% нь л алдагдсан байдаг.
Тиймээс цэвэр цэнгэг усаа хайрлаж усыг аж амьдралдаа зүй зохистой хэрэглэх соёлд суралцацгаая.