Гүний ус байж тасраад байна?

Хүмүүсээс түгээмэл ирдэг асуулт #3:

Асуулт: Гүний ус байж тасраад байна. Гүний ус л бол дуусах ёсгүй биз дээ. Буруу өрөмдсөн эсвэл судлаа олоогүй юм биш үү? (үргэлжлэл)

Хариулт: Хүмүүс төсөөлөхдөө газрын хаа сайгүй нуур шиг тогтсон цул усан давхраа байдаг гэж ойлгодог. Гэтэл бодит байдал дээр чандмань эрдэнэ болсон ус маань тийм ч элбэг хангалттай байдаг зүйл биш. Бидний түгээмэл ашиглаж байгаа 2 төрлийн уст давхраа байна.

1-т: Хайрганы усыг өмнөх постоор тайлбарласан.

2-т: Хадны ус (хүмүүст ойлгомжтой байлгах үүднээс ингэж нэрлэв): Ихэвчлэн уулын энгэр бэл, хавчиг нарийн ам, зарим газарт голын хөндий, тал газраар ч түгээмэл гардаг ус. Гэхдээ түгээмэл гэхээр элбэг гэсэн үг биш. Учир нь энэ ус нь хадны буюу үндсэн чулуу (литосфера буюу чулуун давхраа)-ны цуурал, хагарал, ан цаваар шүүрэн урсаж буй ус юм. Энэ тохиолдолд усны хайгуулаар энэ урсцын хамгийн тод идэвхтэй хөдөлгөөнтэй хэсгийг олж түүн дээр өрөмдлөгийн цэгийг тавьдаг. Гэхдээ энэ нь тухайн орчны болон ан цавын тэжээгдлээс шалтгаалан ундаргын хувьд янз бүрийн хэмжээтэй ус гарна. Бүр ус бага агуулагддаг газруудад гарсан ус нь насосын бүтээмжээс шалтгаалан тодорхой хугацаанд гараад шавхрах, тасрах зэрэг шинж тэмдгүүд түгээмэл ажиглагдана. Энэ үед худгийг сайтар амрааж, гарсан усыг нөөцөлж хэрэглэх нь тохиромжтой юм. Зарим тохиолдолд бороо ус ихтэй жил худгийн амаар ус халих, ус багатай, гантай жил ус нь бүр багасаж шавар шороо гарах зэрэг шинж тэмдгүүд ажиглагддаг. УБ хотын ихэнх зуслан газрууд энэ төрлийн усаар тэжээгддэг гүний худгуудтай.

Давуу тал: Хүмүүсийн ярьдгаар хадны цэнгэг ус гэж нэрлэгддэг ба хайрганы усыг бодвол хөдөлгөөн багатай, улирлын хамааралтай тунадас, өнгө үүсгэх зэрэг асуудал бага.

Үүсэж болзошгүй хүндрэл гэвэл өндөр уулын энгэр, орой хэсгээр байгалийн чулуу ил гарсан хэсгүүдэд шууд хадыг ухаж байгуулсан нүхэн жорлон, бохирын ухмалууд нь биологийн болон бусад төрлийн бохирдлыг шууд хадны ан цав руу алддаг учир тухайн ан цавын дагуу тэжээгдэлтэй урсцаас ус авсан хэрэглэгчийн ус нянгийн бохирдол үүсэх өндөр эрсдэлтэй байдаг. Энэ тохиолдолд хаанаас бохирдсоныг мэдэх ямар ч боломжгүй юм. Гэхдээ ийм тохиолдол азаар маш ховор байдаг. Зүгээр л сэрэмж болгох үүднээс бичлээ.