Хүмүүсээс түгээмэл ирдэг асуулт:
Асуулт: Гүний худгийн ус тасардаггүй биз дээ, манай худгийн ус тасраад байна. Судлаа олоогүй, эсвэл буруу өрөмдсөн юм биш биз.
Хариулт: Хүмүүсийн дунд “Газрын доор нуур шиг их тогтсон ус байдаг, дээрээс нь цоолоод л дуусашгүй арвин устай болно” гэсэн ташаа ойлголт түгээмэл байдаг. Гэтэл яг угтаа бол бидний гүний ус гэж нэрлэгдээд байгаа ус маань байгаль дээр тийм ч элбэг, дуусашгүй эрдэнэс биш юм. Геологийн тогтоц, газар зүйн онцлог зэргээс шалтгаалан хайрган завсраар болон хадны нарийн хагарал, цуурал, ан цавыг даган шүүрэн урсаж буй усыг гүний худагт ашиглана. Ингэхдээ тухайн устай шүүрлийн үеийг дайруулан доош өрөмдлөг хийж, нүхэн цооног үүсгэн, үүсгэсэн цооногоо хайрга буюу хадны завсраар шүүрч байгаа усаар тэжээх замаар гүний худаг болгодог. Гэтэл ялангуяа хадтай газрын хагарал, ан цавууд нь маш бага, чийг төдий устай байх тохиолдлууд маш их. Бүр хув хуурай хагарлууд ч түгээмэл байдаг. Чухамдаа уст цэг тогтоох хайгуулаар эдгээр олон хуурай, чийгтэй, усны шүүрэлтэй хөдөлгөөнүүдийг мэдрэн, тухайн орчинд байх хамгийн идэвхтэй хөдөлгөөн дээр өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэн, түүнээс гарсан усыг гүний худагт ашиглана. Хайгуулын ажлаар газрын доорх усны ундарга, гарцыг урьдчилан тогтоох ямар ч боломжгүй байдаг тул танай газарт гарах усыг элбэг байх уу, тасардаг ус гарах уу гэдгийг урьдчилан хэлэхэд хэцүү. Тиймээс хангай дэлхийн хайрласан хишгийг бага гэж битгий чамлаарай хүмүүс минь. Байгаль дээр гүний ус дахин нөхөн сэргээгдэх хугацаа 10,000 жил хүртэл явагддаг тул усны зохистой хэрэглээнд суралцаж усаа хайр гамтай хэрэглэх зөв дадал хэвшлийг амьдралдаа мөрдлөг болгоцгооё.